ЦООНОГИЙГ ХЭРХЭН ЗӨВ УХАХ ВЭ?

#1
Өвлийн загасчлалын үед цооног гаргах нь хүнд ажил гэж хүмүүс боддог. За тэгвэл өрмөө бариад гар ... цооног ух, араас нь дахиад цооног гарга ... Шинээр өвлийн загасчлал сонирхогчдод дараах бяцхан зөвлөгөө хэрэг болно гэж найдаж байна.
Image

1. Юуны өмнө салхи нуруу руу чинь үлээж байхаар байрлалыг сонгох хэрэгтэй. Энэ нь нүүр, гар руу салхи үлээхгүйгээ байхаас гадна цооногон дахь ус, утас хөлдөхөөс хамгаална.
2. Цооног ухах гэж яарах шаардлага байхгүй. Энд юун түрүүнд загасчлангаа сайхан амрах гэж ирснээ бүү март. Тиймээс өрөмдөх ажилд өөрийгөө ядраахгүй байхын тулд маш сайн ирлэсэн хутгатай байх ёстой. Тэгээд өрмийг босоо байрлуулан зөөлөн эргүүлж өөрийнх нь жингээр доош явуулна. Дээрээс нь дарах хэрэггүй, "өрөм өөрөө ухах ёстой".
3. Хуучин цооног гаргасан цэг дээр ухах хэрэггүй. Учир нь хуучин цооногны мөс хатуу байдаг учраас өрөмний ирийг хурдан мохооно.
4. Хэрвээ мөс зузаан бол өрмөө эргүүлэнгээ байн байн мөсний үйрмэг, зайрыг (оросоор шуга) гаргаж байх хэрэгтэй. Эс тэгвэл эргэлт хүндэрч гарыг ядраах болно. Гаргасан мөсний үйрмэгээ хөлөөрөө зайлуулаарай. Хэрвээ мөсний үйрмэгийг гаргахаас залхуурч эргүүлсээр байгаад хагас дутуу цоолж ус оруулбал цооногон дахь цас, мөсний үйрмэг тэлж өрөм гацах болно. Зарим хүмүүс өрмөө гаргаж чадахгүй гацааж цооногонд нь орхиод явсан тохиолдол сонсогддог. Өрмийг гацаахгүй байх нэг арга бол дөнгөж цоорох үед нь доош нь бүлэх маягаар дарах явдал юм. Ингэхэд өрөмний ороодосны хоорондох мөсний үйрмэг мөсөн доорхи ус руу унаж гацах аюул үгүй болно.
5. Багавтар гүнтэй усанд цооног гаргахдаа маш болгоомжтой өрөмдөх хэрэгтэй. Мөс шууд голын ёроолтой нийлсэн байж магадгүй. Хэрвээ өрөмний хутга элс, хайрганд хүрсэн бол хутгаа авч ирлэ эсвэл соль. Өрөмний 1-2 эргэлт л хутганы ирийг үгүй болгоно. Тиймээс өрөмдөж байх явцдаа доошлох тусам эргэлтээ удаашруулж болгоомжтой байх хэрэгтэй. Хэрвээ мөсөн доор устай бол доод ирмэг нь чийгтэж ирнэ. Харин элстэй бол элс үзэгдэж эхлэнгүүт өрөмнийхөө бариулыг эргүүлэхээ зогсоох хэрэгтэй.
6. Хэрвээ алгана мэт загасыг барих гэж байгаа бол өрмөө огцом өргөж, дараа зориулалтын шанагаар цооногон доторх мөсний үйрмэг, зайрыг гаргаж болно. Харин нэлээн "хартай", болгоомжтой загасыг барих гэж байгаа бол өрмөө эсрэг тийш нь эргүүлж аваад цооногийг зайртай нь үлдээж жижиг нүх гаргаж түүн рүүгээ балансир, өвлийн халбага, өгөөш бүхий мормышкаа хийж загасчлаарай. Ингэх нь нарын гэрлийг цооног руу оруулахгүй байж болгоомжтой загаснуудыг үргээхгүй.
7. Хагас метрээс ойр хөрш цооногууд гаргаж хэд хэдэн уургаар зэрэг загасчлах гэж байгаа бол дэгээнд орсон загас утаснуудыг орооцолдуулахоос болгоомжлоорой.
8. Цаг агаар хүйтэн үед цооногоо гаргасны дараа өрмөө цасан дээр хэвтээгээр нь орхисны хэрэггүй. Ингэхэд нь өрөмний хутгыг мөс хучих ба тэр мөсийг ямар нэг металл зүйлээр тогшиж мөсийг унагах шаардлагатай болдог. Зарим хүн жижигхэн алх ч өвөртлөөд явах нь бий. Иймээс өөрөөсөө холгүй зайд цооног гаргах маягаар өрмөө 5-10 эргүүлж босоогоор нь байрлуулаарай. Энэ тохиолдолд өрөмний хутга хөлдөхгүйгээс гадна өрөмний бариул хуурай байх болно. Цас их орох үед өрмөө хайх, цаснаас ухаж гаргах асуудалгүй болно.

Өрөмний хутга сайн иртэй байхад цооног гаргах ажил хамгийн энгийн, хөнгөн ажил байх болно. Дараа өрөмний хутгыг хэрхэн ирлэх талаар зөвлөгөө оруулна. Баярлалаа.
Source:www.facebook.com/fishingtacklesmongolia


Return to “ЗАГАСЧИДЫН ФОРУМ”

cron