Муур тэжээх гэж байна уу?

#1
Манай гэр бүл муужгай тэжээгээд бараг л 2 жил болж байна. Бидний бяцхан муужгайг Ваня гэдэг. Ер нь гэртээ амьтан тэжээе гэхээр нохойноос арай жижиг биетэй, цэвэрч мөн загасыг бодоход хариу үйлдэл үзүүлээд, хамт тоглож болохоор амьтан муур л байх шиг санагддаг. Анзаараад байхад сүүлийн үед муур тэжээе гэсэн хүмүүс ч нилээн ихсэж байх шиг байна. Тиймээс анх яаж муур тэжээж байсан талаараа туршлага, зөвлөгөө бичихээр шийдлээ.

Image


Муур тэжээх үү? болих уу?
Хамгийн түрүүнд зөв шийдвэр гаргах нь чухал. Олон хүмүүс /ялангуяа аав ээжтэйгээ амьдардаг өсвөр насныхан болон хүүхдүүд/ мууртай болохыг хүсээд гэрийнхнийгээ ятгасаар байгаад муур авдаг. Хэдийгээр муур тэжээх нь ямар давуу талтай болохыг хамтран амьдрагчиддаа ойлгуулах нь чухал боловч тэд нарт бас муур хэрхэн муугаар нөлөөлж болохыг шударгаар тайлбарлах хэрэгтэй. Ингээд энэ бүх хүндрэл бэрхшээл болон сайн талуудыг гэрийн бүх гишүүд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л муур тэжээе гэж шийдэх нь зөв юм.
Зарим 1 сайн муу жишээнээс дурдвал:
Муур хөөрхөн, эрх амьтан. Дандаа эгдүү хайр хүргэж, гэр бүлийн уур амьсгал, сэтгэл санааны байдалд сайнаар нөлөөлнө. Инээдтэй инээдтэй үйлдэл хийж хүмүүсийг хөгжөөнө.
Хүүхдийн хүмүүжилд сайн. Багаасаа амьтан тэжээгээд, арчлаад өссөн хүүхдүүд бусдыг хайрладаг, зөөлөн сэтгэлтэй болж төлөвшинө.
Цэвэрч.
Эрүүл мэндэд тустай.
Дээрх бүх сайн талууд байгаа хэдий ч заавал мэдвэл зохих муу талууд ч байгаа.
Муур хэдий хөөрхөн боловч уурласан, айсан үедээ хүн хазах, самардах зэрэг муухай ааш гаргаж магадгүй.
Цэвэрч ч гэлээ томроод ирэхээр үсэн бөмбөгөөр бөөлжиж гэр завааруулна.
Мууранд хүүхэдтэй л адил хайр халамж хэрэгтэй учир байнга жорлонг нь цэвэрлэх, усанд оруулах, хумсыг нь авах гэх мэт ажил гарна.
Мөн вакцин хийлгэх, шаардлагатай үед эмнэлэгт үзүүлэх, хоол, элс худалдаж авах гэх мэтээр тодорхой хэмжээний мөнгө зарцуулах хэрэгтэй болно.
Энэ бүх зүйлийг гэрийн чинь хэн нэгэн л хүлээн зөвшөөрөөгүй бол хөөрхөн бяцхан муужгай гэрт чинь ирээд хэдхэн хоног, хамгийн удаандаа л сарын дотор гудамжинд гарах, дасаагүй өөр айлд үрчлэгдэх аюултай шүү. Хэрэв гэрийнхэн чинь зөвшөөрөхгүй бол санаа зовох хэрэггүй муужгайны тухай гоё гоё мэдээллүүдийг бага багаар хүргээд л байгаарай. Хөөрхөн бичлэгүүд ойр ойрхон үзүүлээд дасгасаар байгаад зөвшөөрүүлнэ шүү дээ. Би л лав гэрийнхнийгээ ятгах гэж 2 жил болсон. Ингээд сүүлдээ мууранд дургүй байсан ээж маань өөрөө муур авч тэжээе гэж хэлсэн юм. Харин муурнаас ухаангүй айдаг байсан аав маань одоо мууртайгаа хамгийн их тоглодог.
Image


Дараагийн алхам бол гэр бүлийн гишүүн болгондоо муурны хучуур эдийн харшлын сорил тавиул. Арьсны эмнэлгүүд дээр 2000 төгрөгөөр тавьдаг. Үнэхээр л харшилтай л бол муураа хичнээн арчлаад, угааж цэвэрлээд нэмэргүй. Харин харшилгүй гэж гарвал ямар ч асуудалгүй. /Харшилтай гэж гарах нь ховор доо./ Олон хүн нэгэнт муур авсныхаа дараа манай нөхөр харшилтай байж, муураа хүнд өглөө гэдэг. Энэ бол хөөрхий муужгайг зовоож байгаа их муухай үйлдэл шүү. Мөн сорил тавиулж батлаагүй байж шууд л “Мууртай болсноос хойш юм туураад байна. Би харшилтай юм байна” гэж дүгнэж болохгүй. Муур үслэг амьтан учир үсэнд нь тоос их хуримтлагдаж тоосны харшилтай хүний харшлийг сэдрээх тохиолдлууд их байдаг. Тиймээс үнэхээр шинжилгээгээр асуудалгүй гарсан бол ариун цэврээ сайн сахих төдийд л шийдэгдэх зүйл шүү.
Зиа, дээрх 2 зүйл дээр үндэслээд л шийд гаргачихлаа. Хэрэв “тэжээе” гэж шийдсэн бол үргэлжлүүлээд уншаарай.

Муужгайгаа авч ирэхийн өмнөх бэлтгэл ажил
Олон хүмүүс энэ шатыг алгасаад шууд л муужгайгаа гэртээ аваад ирдэг. Тэрнийхээ дараа ингэхэд энэ амьтанд чинь юу идүүлэх билээ? Өнөөдөр хаана унтуулнаа? гэх мэтийн асуултуудад бөмбөгдүүлж, амьтныг ч өөрийгөө ч зовоож орхидог. Тиймээс хүүхэд өргөж авах гэж байна гэж бодоод л наад захын хэрэгцээтэй зүйлсийг бэлдэж, мэдээлэлтэй болох хэрэгтэй.
Мэдвэл зохих зүйлс:
Муурыг анхнаас нь зөв сурга. Хэрэв ганц л удаа түүхий мах өгөөд амтанд нь оруулчихвал хоол хийх болгонд чинь мах хулгайлах гэж оролдоно, гэтнэ, дайрна. Ганц л удаа гараа өгөөд хазуулаад тоглуулаад сургачихвал байнга л гар руу чинь дайрч хазах, самардах зэрэг буруу үйлдлүүд гаргана. Анх удаа усанд оруулахдаа л айлгачих юм бол дараа усанд орох болгондоо эсэргүүцнэ, зугтана. Тэгэхээр анх авч ирсэн өдрөөсөө л мууртай зөв харьцаарай.
Дунджаар сард 1 удаа усанд оруулахад болно. Хамгийн ойрхондоо 14 хоногт 1 оруулаарай. Усанд оруулах хэт ойртоод ирэхээр өвчин тусах магадлалтай байдаг юм шүү.
Муурнаас хүнд халдварлаж үхэлд хүргэх аюултай өвчин бараг л байхгүй. Галзуу, хамуу зэрэг өвчин байгаа ч гэрийн тэжээмэл муур тусах нь ховор. Тэгэхээр санаа амар байж болно. Харин муурны ялгадас жирэмсэн эмэгтэйд муу учир цүдгэр гэдэстэй хүн жорлонг нь цэвэрлэж болохгүй.
Монголд нохойг бүртгэлжүүлж пасспорт олгодог ч муурыг бүртгэдэггүй.

Мууртай болохоосоо өмнө бэлдсэн байх ёстой зүйлс:
Image


Жорлон. Зориулалтын жорлон, элсний хутгуул, үнэр дардаг элс зэргийг аваад бэлдчихвэл муур чинь бие засахад танд ч, хайртай амьтанд чинь ч тухтай. Гэхдээ боломжгүй байгаа бол намхавтар цаасан хайрцагт байгалийн элс хийгээд бэлдэж болно. /Гэхдээ байгалийн элс үнэр дарахгүй шүү.
Хэвтэр буюу ор. Цаасан хайрцагт дулаан юм дэвсээд хэвтүүлж болно. Эсвэл амьтны дэлгүүрээс зориулалтын хэвтэр авсан ч болно. Бүр өөрөө халдаг, үүр болдог гэх мэтийн янз бүрийн гоё гоё хэвтэрүүд байгаа шүү.
Ариун цэврийн хэрэгслүүд. Муурны шампунь аваарай. Хүний шампунь сайн цэвэрлэхгүйгээр гадна, хүн болон муурны үсний бүтэж шал өөр шүү дээ. Ганц шампунь аваад тавьсан байхад бараг л насан туршид нь хэрэглэнэ дээ. Мөн хумсны хутга, үсийг нь авдаг сам бэлдээрэй. /эхний ээлжинд сам авахгүй байж болно. Жижиг муурны үс самнах хэмжээнд их байдаггүй. /
Хоол. Муурандаа зориулалтын нойтон болон хуурай хоол өгөх хэрэгтэй. Хуурай хоолыг саванд байнга хийж тавьдаг бол нойтон хоолыг өдөрт 2–4 удаа хувааж хийж өгдөг. Хажуугаар нь нэмэлт тэжээл, амттан бас өгч болно. Гэхдээ зайлшгүй шаардлагатай биш.
Тоглоом. Гараараа тоглуулж сургаж болохгүй. Тиймээс урт иштэй хөөрхөн тоглоом нэгийг аваад бэлдчихээрэй.

Эрэл хайгуул хийх цаг
Одоо бүх зүйл бэлэн болсон болохоор тэжээх муураа хайнаа. Амьтны дэлгүүрүүдээр яваад муужгай худалдаж авч болно л доо. Гэхдээ үнэгүй мууртай болох ч боломж байгаа шүү. Facebook ашиглаад муур сонирхдог хүмүүсийн групп-д нэгдээрэй. Өөрийнхөө муурны зулзагуудыг үрчлүүлэх хүмүүс зөндөө байгаа. Эхтэйгээ дор хаяж 1–2 сар болчихсон муужгай ядаж л хооллоод, бие засаад сурчихсан байдаг юм шүү. Мөн таныг бүх зүйлээ бэлдчихсэн одоо муужгайгаа хайж байна гэхээр хүмүүс ч санаа зовох зүйлгүй муужгайгаа өгөх байх шүү. Хэрэв та үүлдрийн цэвэр цусны муур хайж байгаа бол Орос улсаас захиалгаар муужгай авч ирдэг газрууд байдаг. Үүлдрээсээ хамаараад 100 мянган төгрөгөөс 2, 3 сая хүртэл үнэтэй байх нь ч бий. Өөрийн мэдэж байгаа алдартай, эгдүүтэй үүлдрүүдээс нэрлэвэл:
Siamese /Монголд элбэг байгаа. Айлаас ч худалдаад авч болно байх./
Angora / Мөн адил Монгол их тэжээдэг муурны нэг./
Scottish fold /Естой эгдүүтэй амьтан шүү/
British short hair
Turkish van
Bengal /Бартай их ойрын төрөл, гоё хээтэй./
Sphynx /Муужгайнаас бага зэрэг айдаг бол битгий хараарай. Үсгүй муур шүү./
Ингээд муужгайгаа сонгоод, гэртээ залж авч ирнээ. Бүх юм шинэхэн сайхан байна гэж итгэж байна. Муужгайгаа гэр рүүгээ авч явахдаа зузаахан алчуур бэлдээд зөвхөн толгойг нь л ил гаргаад ороогоод аваад яваарай. Гарч үзээгүй муужгай анх удаа гадаа гарахаараа айгаад, самардаад ийш тийшээ зугтаад гүйчихэж магадгүй шүү. Зөөврийн хайрцаг бэлдээд очвол бүр ч сайн. Анх Ванягаа айлаас аваад, такси барьж харьсан юм. Гараа өргөөд зогсож байтал 1 эгч ирээд зогссоноо “Аа муур байна. Заваан юм бээ” гээд зугатаад яваад өгч байж билээ. Дараа нь 1 эрэгтэй жолооч зогсоод “Хүүхэдтэй хүн авч байгаа юм чинь ах нь тамхиа унтраанаа” гэсэн хэхэ. Аан нээрээ, муужгайгаа үрчилж авч байгаа бол ээжид нь амттай юм авч очихоо мартваа ;)

Image


Жинхэнэ адал явдал эхэллээ дээ
Хүссэн зүйл биелж, хөөрхөн муужгайтай боллоо. Өмнө нь зөндөө судалгаа, бэлтгэл хийсэн юм чинь асуудалгүй. Шинэ гишүүнтэйгээ амьдраад байж дээ. Муужгайгаа авсаныхаа дараа 1 удаа эмнэлэгт үзүүлээд биеийн ерөнхий байдлыг нь шалгуулаарай. Мөн туулга уулгаад шимэгчийг нь гаргавал зүгээр. Дээр хэлсэнчлэн муурнаас хүнд халдах ноцтой өвчин байхгүй тул нохой шиг сүртэй зүйл болдоггүй. Хаврын цагаар цонхоор хачиг хийсч орж ирээд амьтанд наалдчих гээд байдаг болохоор тэр үеэр хачиг бөөсний дусаалга хийлгэчихвэл зүгээр шүү. Бас насан туршид нь ганцхан хийлгэх хэрэгтэй 1 зүйл байна. Муураа 3кг-тай болох үед нь буюу ойролцоогоор 6 сартай байхад нь эр муур бол заслага, эм муур бол спэй заавал хийлгээрэй. Ингэж байж өчнөөн олон зулзага гудамжинд хаягдах, үхэж үрэгдэхээс сэргийлнэ. Мөн муур нь элдэв муухай аашгүй, эрх хөөрхнөөрөө үлддэг юм шүү.

Image


Хамгийн сүүлд захиж хэлэхэд, нэгэнт дээрх бүх алхмыг дагаад муужгайтай болсон бол муугай та 2 ээж охин, аав хүү гэдэг шиг л нарийн холбоотой болсон шүү. Муужгай хөдөлгөөнтэй амьтан учир байнга хараа хяналттай байлгахыг хичээгээрэй. Гадагшаа явах болсон ч, хөдөө амрахаар явсан ч аваад явахыг бодоорой. Бас муур муухай амьтан гэж мухраар итгэдэг олон хүмүүст муур ямар хөөрхөн амьтан болохыг таниулаарай.

Танай шинэ гэр бүлд аз жаргал хүсье

Source: https://medium.com/@bak.battuul/


Re: Муур тэжээх гэж байна уу?

#2
Муурны арчилгаа

Image


Үс самнах: Ихэнх муур цэвэрхэн байх дуртай тул усанд оруулахдаа үсийг нь байнга самнана. Ингэснээр таны муур чинь цэвэрхэн байж бас үс унахаас сэргийлэх мөн үсэн бөөн буюу үсээ байнга долоосноос үс гэдсэнд бөөгнөрөхөөс сэргийлнэ.

Заримдаа тэдэнд жимс ногоо өгч байвал дуртай иддэг. Хоол идэх дуршил нь буурвал муурын зулзаганы хоолыг нь бага зэрэг бүлээсгээд өгч үзээрэй. Бүр идэхгүй бол хүүхдийн тусгайлан бэлдсэн хоолыг богино хугацаагаар өгч болно. 6 ба түүнээс дээш сартай болон махны найрлагатай хүүхдийн хоол өгч болно. Гэхдээ үүнийгээ байнга иддэг хоолтой нь хамт өгөөрэй.

Барих өргөх: Муурыг өргөхдөө нэг гараа урд хөлнийх нь араар, нөгөө гараа хойд хонгоных нь араар хийнэ. Хүзүүнээс нь эсвэл урд хөлнөөс нь өргөж болохгүй.

Гэрт байлгах: Таны мууранд гэрт чинь амрах, унтах, цэвэрхэн, хуурай газар хэрэгтэй. Хайрцагных нь доод талд дулаахан, зөөлөн даавуу, алчуур тавих хэрэгтэй. Хэвтрийг нь ойр ойрхон цэвэрлэнэ. Гадаа байлгавал өвчин, хачиг бөөс, паразитаар халдварлах, алдагдах, машинд дайруулах, гудамжны муур, нохойнд бариулдаг.

ОО-ийн өрөө: Хөл хөдөлгөөн багатай тайван газар хайрцгийг нь байрлуулах хэрэгтэй. ОО-ын эсвэл багаж хэрэгсэл байдаг газар байвал илүү хялбар. Хайрцгийг нааш цааш зөөх онц шаардлагагүй. Муур бохир, муухай үнэртэй хайрцганд байх дургүй учраас хайрцгийг нь долоо хоногт нэгээс доошгүй удаа цэвэрлэнэ. Цэвэрлэхдээ аммон, дезодрант, ялангуяа лемонтой цэвэрлэх уусмал хэрэглэж болохгүй.

Хайрцаг:

Маш цэвэрхэн байлгах хэрэгтэй. Маш цэвэрхэн.Нэгээс илүү тоогоор хайрцаг бэлдэж өгөх хэрэгтэй.Хайрцганд ямар нэг үнэртэй ус зэргийг цацаж болохгүй. Зарим мууранд том хайрцаг хэрэгтэй болдог.Хайрцгийг цэвэрлэх шингэн, хэрэгслүүдээ гарын дор ойрхон тавибал өөрт тань илүү хялбар.
Post Reply

Return to “ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ АМЬТАН СОНИРХОГЧИД”

cron