Монгол банхрыг биширсэн англи сэтгүүлчийн тэмдэглэл

#1
Image

Банхар нохойн гөлөгнүүд. Банхар нь дэлхийн хамгийн эртний гэршүүлсэн үүлдэр хэмээгддэг. Гэрэл зургуудыг Тесса Чан

Английн сэтгүүлч Тесса Чан (түүний инстаграм - https://www.instagram.com/tessachanhk/, твиттер - https://twitter.com/lasenoritachan) “South China Morning Post” сайтад 2019 оны зургадугаар сарын 10–нд байршуулсан нийтлэлдээ Монгол орноор аялсан тухайгаа мөн Монголын тал нутаг, бэлчээрийн газар болоод банхрын тухай бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

МОНГОЛЫН БЭЛЧЭЭРИЙН ЦӨЛЖИЛТИЙГ ЗОГСООХОД ТУС ДЭМ БОЛОХ БАНХАР НОХОЙ БА ТҮҮНИЙГ ӨСГӨЖ ҮРЖҮҮЛЭХ НУТГИЙН МАЛЧИД


Банхар нь хамгаалалтын нохой бөгөөд мал сүргийг араатан амьтдаас хамгаалах, сүрэг рүү дайрах зэрлэг амьтадтай тэмцэхэд нь малчдад тусалдаг гээд тэдний гүйцэтгэх үүрэг их. Тэд бол малчдын хувьд үнэлж баршгүй сайн анд нь юм.

Image

Монгол улсын Хустайн Байгалийн Цогцолборт Газрын ойролцоох Монголын Банхар Нохой Төслийн газрын гөлөгнүүд.

Монгол орныг 13 цагийн турш хөндлөн гулд туулахад анзаарсан нэгэн сайхан зүйл бол авто замаас салан эцэс төгсгөлгүй үргэлжлэх тэр их тал газрын хаа нэгтээ хүссэн үедээ буудаллах боломж юм.

Хэрэв таны аяллын багт 11 дэггүй гөлөг байвал аялал тань бүр илүү сонирхолтой байх болно. Манай аяллын багт Монгол Банхар Нохой Төслийн хоёр гишүүн болох С.Соёлболд, Т.Батбаатар нар хамт явсан юм. Тэдний ашгийн бус байгууллага нь хүн болон байгаль, зэрлэн ан амьтан хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мөн газар нутгийн зүй зохистой хэрэглээг дэмжихийн тулд Монголын тал нутагт эртний хоточ, хамгаалалтын нохойг дахин танилцуулах, үр удмыг нь өсгөн үржүүлэх зорилготой юм.

Image

Өмнөговийн бүс нутагт Монголын Банхар Нохой Төслийн Багийн гишүүд болох (зүүн талаас) Т.Батбаатар, С.Соёлболд нар гөлөгнүүдээ ундаалахаар зам зуур зогссон мөч.

Монгол улсад 2018 оны байдлаар мал сүргийн тоо толгой 66 сая хүрсэн ба түүний 41 хувийг эзлэх ямаан сүрэг нь Хятадын ноолуурын хэрэгцээг голлон хангадаг аж.

НҮБ-ын мэдээлснээр 1940-2014 оны хооронд Монгол орны жилийн дундаж температур цельсийн 2.1 хэмээр өссөн нь дэлхийн хэмжээнд гурав дахин өссөн үзүүлэлт болжээ.

Малчдын олон сая мал сүрэг нь тус орны хатуу ширүүн өвлийн улирлыг тэсэж чадалгүй хорогдох, цаашлаад цасны ирвэс, үнэг, чоно зэрэг махчин амьтад, жигүүртний идэш тэжээл болж, малчдын хувьд ихээхэн гарз хохирол болдог.

Түүхэнд эдгээр махчин амьтдын эсрэг зогсож чаддаг нохой бол зөвхөн Монголын нүүдэлчин ардын банхар байсан бөгөөд одоо ч тэрхүү шинж чанараа хадгалсан хэвээр байгаа юм. Банхар нохойн гадаад төрх нь махчин амьтдыг айлгамаар сүрлэг ба хэрэв сайн нохой махчин амьтадтай халз тулах юм бол тэднийг буулган авах бүрэн чадвартай байдаг.

Image

Хэдий нэг хөлөө гэмтээж, үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон ч энэ банхар эзнийхээ үнэнч нөхөр нь хэвээр аж

Банхрын тоо буурч байгаа хэд хэдэн хүчин зүйл бий. Тэдний нэг бол Монгол улс социалист нийгэм рүү шилжих үед буюу 1920-1990 оны хооронд Оросоос орчин үеийн гэх тодотголтой нохойн олон үүлдрийг Монголд оруулж иржээ.

Төслийн санаачлагч Брюс Элфстром “Бидний гол зорилго цаг уур, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөнд малчдын амьдралын хэв маягийг хэвээр хадгалан авч үлдэхэд туслахад оршино. Тал нутгийн жаахан хэсэг ч цөлжихөөс сэргийлж, бэлчээрийг дахин сэргээхийг бид зорьж байна” хэмээжээ.

Банхрыг энэ дэлхийн хамгийн эртний гэршүүлсэн нохой гэж хэлж болно. Банхар нь өтгөн шигүү үстэй зарим нохдын давж гарахаагүй эрс тэс Монголын уур амьсгалд байгалиасаа зохицсон үүлдэр юм. Гэршүүлсэн амьтны хувьд банхар нь байгаль орчиндоо зохицсоноос гадна хүн төрөлхтөний өсгөн үржүүлсэн нохойн үүлдрүүдээс хамгийн шилдэг нь хэмээн тодорхойлогддог нохой. Наслалтын хувьд банхартай дүйцэхүйц том үүлдэр болох Грейт Пирениз болон Швейцарийн уулын ноход цаанадаж 10 хүртэл насалдаг бол 18 настай монгол банхар харсан гэж Элфстром хэлсэн.

Image

Банхрын гөлөг Монголын Өмнөговь аймагт байгалийн сайхныг ажин сууна.

Төслийн хүрээнд зорилтот нохойн генетик шинжийг нэмэгдүүлж, тэдгээрийг үржүүлэхийн тулд сонгосон нохдоо шинжилгээнд хамруулдаг аж. Сонгогдсон нохдыг 20 нь Улаанбаатар хотын баруун хэсэгт орших Хустайн Байгалийн Цогцолборт Газрын ойролцоох том талбай бүхий хашаанд байрлуулжээ.

Энд экологи, биологи хамгааллын мэргэжилтэй, малчин Төмөрбаатар, аж ахуй эрхлэгч Мийгаагийн хамт ажилладаг. Нас бие гүйцсэн банхар нохойн жин 58 кг хүрэх бөгөөд ноход тун эрхэмсэг харагдах ч угтаа бол маш нөхөрсөг бас хөгжилтэй юм.

Төмөрбаатар хэлэхдээ “Бодит аюулыг мэдрээгүй л бол банхар тун дөлгөөн, тайван байдаг учраас үнэхээр сайн хамгаалалтын нохой болж чаддаг” гэсэн.

Image

Хустайн Байгалийн Цогцолборт Газрын ойролцоох Монголын Банхар Нохой төслийн газар. Банхрын гөлөгнүүд Мийгаатай мэндчилж байгаа нь.

Мийгаа, Сэргэлэн хоёр “Бид энэ гөлөгнүүдээ шинэ эздэд нь хүргэж өгнө. Тэгэнгээ нас бие гүйцсэн зургаан нохойгоо очиж үзнэ дээ” хэмээн зам зуур төлөвлөгөөгөө ярилцана.

Бид олон хүн бужигнасан Улаанбаатар хотын замын түгжрэлд орон, энхэл, донхол замтай гэр хорооллыг өнгөрөөд замаас гарч өргөн уудам тал нутгаар давхилаа. Хэд цагийн дараа бид нэгэн айлд ирсэн юм.

Image

Бэлчээрээс ирж буй ямаан сүргээ малын хашаанд нь оруулж буй малчин – Өмнөговь аймаг.

Бид нийт 2,040 км зам туулсан бөгөөд хөдөө нутагт GPS болон утасны сүлжээгүй байсан нь нэгэн бэрхшээл болж байлаа.

Би малчидтай нас бие гүйцсэн банхрын талаар яриа өрнүүллээ. Малчин Д.Баясалбадрах хэлэхдээ “Монголын өв уламжлал бага багаар алдагдах аюул байгаа ч тэдгээр уламжлалын нэг хэсэг болох банхар нохой амжилттай эргэн сэргэж байна” гэсэн юм. Энэхүү төслийн хүрээнд түүврийн аргаар 30 банхар нохойнд судалгаа явуулахад тэд мал сүргийнхээ 93.7 хувийг махчин амьтдаас хамгаалсан байв.

Өдгөө 38 настай малчин Э.Батчулуун өмнө нь чонотой ихээхэн тэмцдэг байсан бөгөөд өдгөө хоёр банхартай болсноор мал сүргээ махчин амьтдад дахин алдахаа больсон гэж хуучилсан юм. Энэ нутагт чоно, шилүүс, үнэг зэрэг махчин амьтад байдгаас гадна ишгүүдийг бүргэд шүүрэх аюул бас бий. Харин энэ аюулаас банхар л аварч байна даа гэж тэр нэмж хэлсэн юм.

Image

Малчин Д.Баясалбадрах 4 настай Баяраа хүүдээ Хоньч дуудлагатай банхар гөлгийн хөтөлгөөг өгч буй нь – Өмнөговь аймаг

Банхар ноход малчин эздээ түр ч гэсэн амраан малчны ажлыг гүйцэтгэхээс гадна угийн байгалийн зөнгөөрөө үүргээ гүйцэтгэж чаддаг нохой аж. Банхрын нэг гөлөгтэй, 32 настай малчин Д.Баясалбадрахын гэр бүлд бид мөн зочилсон юм.

Image

Баяраа хүү Хоньч дуудлагатай банхар гөлгийнхөө хамт зогсож байгаа нь

Монголын малчид үнэхээр ажилсаг хүмүүс. Нар мандахтай зэрэгцэн үүрийн 5 цагт босч, өдөрт бүх ажлаа яс хийж дуусгана. Бяцхан хүү Баяраа ч мөн адил гэрийнхээ ажилд идэвхитэй оролцож, аавыгаа даган явж чадахаараа тусална. Мөн ээжийнхээ гарын үзүүрт зарагдаж гэртээ тус болно.

Image

Малчин Д.Баясгалбадрах болон түүний гэр бүлийнхэн ямааныхаа ноолуурыг самнаж байгаа нь.

Төслийн хүрээнд Монголын хэд хэдэн газарт банхар нохдыг байршуулжээ. Түүнчлэн, Өмнөговийн бүс нутагт Номгон нутгийн иргэдийн зөвлөл Дэлхийн Байгаль, Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (WCS) ТББ-тай хамтран ажиллаж ноолуурын төслийг хэрэгжүүлж байгаа аж. Зөвхөн тухайн зөвлөлийн гишүүд л банхрыг авах боломжтой юм. Төслийн менежер Ж.Чанцаллхам “Малчид өргөн уудам нутгаа өөрийн мал сүрэг болон зэрлэг ан амьтадтай хуваалцдаг учраас бид байгаль, зэрлэг амьтад гээд бүгдийг нь хамгаалахыг зорьдог. Банхар нохой мал сүргээ хамгаалахаас гадна араатан амьтад хаана явааг, ойрхон ирж байгаа эсэхийг мэдэгдэж чаддаг учраас малчдад дэм болдог” гэсэн юм.

Банхар нь тогтвортой мал аж ахуйг бий болгох нэгэн том хөшүүрэг болдог аж. Тиймээс Монголын нүүдэлчин айл бүр цэвэр үүлдрийн банхартай болохыг хүсдэг. Банхар нохойн өвөг ч мөн адил мал сүргээ хамгаалж байсан түүхтэй, нүүдэлчдийн хувьд тэд малын хамгийн сайн хамгаалагчид байсан гэв.

Image

Төслийн хүрээнд 20 банхар нохойг Монголын Банхар Нохой Төслийн энэхүү талбайд тэжээн өсгөж байна

Шинэ гэр бүлтэй болсон Хоньч дуудлагатай банхар гөлөг ойр орчмыг сонирхон явж, малын хашаанд ороход хонь, ямаа гайхан харна. Өдөржингөө энэ тэрүүгээр элдвийг сонирхсон банхар гөлөг зүүрмэглэж эхлэв. Эндэхийн мал сүрэг гээд юм бүхэн банхар гөлгөнд шинэ зүйл боловч гөлөг удахгүй өсөж том болоод үүргээ гүйцэтгэж эхэлнэ.

Image

Мийгаа (зүүн талд) болон Монголын Банхар Нохойн Төслийн менежер Б.Төмөрбаатар гөлгөнд вакцин хийж байгаа нь.

Энэхүү хар гөлөг Монголын бэлчээрийн газрыг хадгалах нууц түлхүүрийн нэг гэж төсөөлөхөд бэрх ч тэр үнэхээр тусалж чадна гэдэгт хэн ч маргахааргүй. Д.Баясалбадрах "Хоньч маань сайн хоточ нохой болно. Сайн нохой болгохын тулд миний хийх зүйл бол түүнийг сайн сургах явдал” хэмээсэн юм.

Source: http://gogo.mn/r/dy3ex?fbclid=IwAR3BjEg ... JnQ_UFmYwc


Return to “ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ АМЬТАН СОНИРХОГЧИД”

cron