Зургаадугаар үеийн байлдааны сөнөөгч онгоцны техникийн боломж уран зөгнөл биш

#1
Зэвсэгт хүчнийхээ хөгжлөөр тэргүүлдэг улс, гүрнүүдэд Батлан хамгаалах салбарын технологийн судалгааны нэгэн гол хэсэг нь байлдааны сөнөөгч онгоцны хөгжил байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэд хэдэн улс хамгийн орчин үеийн буюу тавдугаар үеийн ийм төрлийн онгоцыг ашиглаж байна.
86186121_3474076302665324_4756523237750341632_o.jpg
86186121_3474076302665324_4756523237750341632_o.jpg (73.33 KiB)
Дайсны радарт үл үзэгдэх, өндөр цэц, хурд, маневр, автоматжуулалт, байршил тогтоох, тагнуулын мэдээ цуглуулах төхөөрөмж, зэвсэглэл зэрэг технологиудын хамгийн сүүлийн хувилбаруудыг өөртөө шингээснээр тавдугаар үеийн ангилалд тухайн байлдааны сөнөөгч онгоц багтдаг аж. Дэлхийн улсуудаас хамгийн түрүүнд агаарын цэргийн хүчиндээ ийм төрлийн онгоцтой болсон нь АНУ юм. “Lockheed Martin” буюу тус улсын цэргийн зориулалттай нисэх онгоц үйлдвэрлэгч хамгийн том компани анх 2005 онд “F-22 Raptor”, 2015 онд “F-35 Lightning II” онгоцыг тус тус зэвсэглэлд шилжүүлж байв. Харин 2017 онд БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн нисэх хүчин “Chengdu J-20” онгоцыг дэлхий нийтэд танилцуулсан бол ОХУ 2018 онд “Су-57” онгоцыг зэвсэглэлд шилжүүлж, Сирийн дайнд “шандас”-ыг нь сориод амжсан.

Япон улс “Mitsubishi X-2 Shinshin”, Пакистан “Project AZM” зэрэг тавдугаар үеийн онгоцыг хөгжүүлж, зэвсэглэлд нэвтрүүлэхээр хөгжүүлж байна. Одоогийн байдлаар ийм төрлийн онгоцны хөгжилдөө хамгийн их төсөв, хөрөнгө зарцуулж, судалгаа шинжилгээ явуулдаг нь АНУ, ОХУ юм. АНУ-ын хувьд ирээдүйд хэдхэн жилийн дотор зургаадугаар үеийн байлдааны нисэх онгоц үйлдвэрлэхээ зарласан. Тус улсын Агаарын цэргийн хүчний төрийн нарийн бичгийн дарга Майкл Доунли хэлэхдээ “Агаарын цэргийн хүчин зургаадугаар үеийн байлдааны нисэх онгоц зохион бүтээх ажлыг түргэвчлэх хэрэгтэй байна. Бид “F-22”, “F-35” зэрэг тухайн ангилалдаа тэргүүлэгч онгоцуудыг зохион бүтээсэн туршлага, үйлдвэрлэлийн бааздаа тулгуурлан тавдугаар үеийн онгоцны хэд хэдэн дутагдлыг засаж, шинэ төрлийн онгоц бүтээх төслийг амжилттай эхлүүлээд явж байна” гэж “The National interest”сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Зургаадугаар үеийн байлдааны нисэх онгоцонд тавигдах үндсэн шаардлагын нэг нь агаар-сансрын орон зайд үүрэг гүйцэтгэх чадвартай байх ажээ. Тус улсын Батлан хамгаалахын сайд асан Роберт Гэйтс хэлэхдээ “F-22 Raptor” онгоцны үйлдвэрлэлийн зардал маш өндөр. Иймд зургаадугаар үеийн байлдааны онгоцыг зохион бүтээх ажлыг хурдасгаж, зарим тавдугаар үеийн онгоцны үйлдвэрлэлийг бууруулж, дараагийн үеийн онгоц үйлдвэрлэх зардалд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэв. Тэрбээр цааш нь “Орос, Хятад улс тавдугаар үеийн онгоцнуудыг ашиглаад эхэллээ. Хэрвээ тус хоёр улс зардал өндөртэй тавдугаар үеийн онгоцнуудыг олноор үйлдвэрлээд эхэлбэл АНУ 2020 оны дунд үе гэхэд агаарын орон зай дахь ноёрхлоо алдана” гэжээ. Гэтэл АНУ-ын зарим эрх баригчид “Заавал зургаадугаар үеийн байлдааны онгоц зохион бүтээх шаардлагагүй. Маш өндөр өртгөөр бүтсэн тавдугаар үеийн байлдааны онгоцнуудын юу чадахыг одоогоор хэн ч хараагүй байгаа” гэж үзэж байгаа ажээ.

Хэдий зарим улс төрчид ингэж үзэж байгаа ч АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч аварга компаниуд болох “Boeng”, “Lockheed Martin”, “Northrop Grumman” шинэ үеийн сөнөөгч онгоц зохион бүтээх “F/A-XX” төсөл дээр хамтран ажиллаад эхэлжээ. 2030 он гэхэд төслийн эхний шатанд бүтээгдсэн онгоцыг дэлхий нийтэд танилцуулахаар зэхэж байна. Онгоцны их биеийн гадаргууг “ухаалаг” байхаар төлөвлөж байгаа бөгөөд дайсанд үл үзэгдэх, гаднаас ирж байгаа аюулыг электрон-магнетик технологийн тусламжтай устгах зэрэг техникийн шинэ шийдлүүд багтжээ. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан, лазерын зэвсэглэлээр тоноглогдсон байх юм. Хамгийн гол нь удирдлагын системийн найдвартай байдлыг “Northrop Grumman” компани хариуцан ажиллаж, нисгэгчид онгоцны болон орчны мэдээллийг хялбар бөгөөд нарийвчлалтай өгөх, үүссэн цагийн байдлын үед авч болох арга хэмжээний хувилбаруудыг богино хугацаанд бэлдэж өгөх, алдаагүй шийдвэр гаргах нөхцөлөөр хангах технологийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Зэвсгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар байлдааны онгоцонд лазерын зэвсэглэл нэмэгдвэл гэрлийн хурдаар байг устгах нөхцөл бүрдэх учир хамгаалалтын системийг үндсээр нь өөрчлөх шаардлага тулгарна гэдгийг анхааруулж байна.

Харин ОХУ-ын Агаар-сансрын хүчин нисэх онгоц үйлдвэрлэгч “Микоян” компанитай хамтран 5++ эсвэл зургаадугаар үеийн гэж нэрлэж болохоор “МиГ-41” сөнөөгч онгоцыг зохион бүтээх төслийг эхлүүлээд байна. Нислэгийн алслалтыг уртасгаж, зориулалтыг нь нэмэгдүүлж, дуунаас хэт хурдан пуужингийн технологид суурилсан тийрэлтэт хөдөлгүүртэй байхаар төлөвлөж байгаа юм. 2016 оны долоодугаар сараас тус онгоцыг зохион бүтээх төслийг эхлүүлсэн тухай албан бус мэдээ цацагдаж эхэлсэн. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар 2020 оны сүүл гэхэд тус онгоцны туршилтын нислэгийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. 2019 оны сүүлчээр “МиГ-41”-ийн дизайн батлагдсан бөгөөд судалгааны ажил нь ч мөн 2020 он гэхэд бүрэн дуусах төлөвлөгөөтэй байна.

“МиГ” компанийн ерөнхий захирал И.Тарасенко “Онгоцны хурд 4000-4300 км/ц байхаар тооцоолсон /”F-22 Raptor”-ийн дээд хурд 2600 км/ц/ бөгөөд зэвсэглэлийн хувьд залуурт пуужин эсэргүүцэх лазерын төхөөрөмжтэй байхаар хөгжүүлж байгаа гэж ярьжээ. Мөн маш өндөрт буюу дэлхийн атмосферийн давхаргаас дээш сансрын орон зайд буюу далайн түвшнээс 45000 метрийн өндөрт үүрэг гүйцэтгэх чадвартай байхаар зохион бүтээж байгаа гэнэ. Энэ талаар И.Тарасенко нэмж хэлэхдээ “МиГ-41 бол шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол биш. Мэдээж бидний бүтээхээр зорьж буй технологийн боломжууд нь хүн жолоодох боломжгүй мэт санагдаж байгаа ч бид энэ талд тооцоо судалгаа багагүй хийсэн. Тийм учраас онгоцыг нисгэгчтэй болон нисгэгчгүй гэж төрлөөр хөгжүүлж байгаа” гэсэн юм. ОХУ-ын Радио-электроник техник группийн захирал М.Владимир “ТАСС” агентлагт өгсөн ярилцлагадаа “Зургаадугаар үеийн байлдааны нисэх онгоц “МиГ-41”-ийн шинжлэх ухааны болоод техникийн хөгжүүлэлт, тооцоо судалгаа зэргийг аль хэдийн эцсийн байдлаар төлөвлөчихсөн. Одоо зэвсэглэл, хамгаалалт, хөдөлгүүрийн систем зэргийг хөгжүүлэх ажил явагдаж байгаа. “МиГ-41”-ийн зэвсэглэлээс дурдвал электро-магнетикийн их буутай, радио-фотоникийн радарын шинэ үеийн системтэй байна” гэжээ.

Ямартай ч хоёр их гүрний зургаадугаар үеийн байлдааны онгоц бүтээх өрсөлдөөн одоогийн байдлаар ийм түвшинд явж байна. Тэд хоёул уг төрлийн онгоцыг 2030 он гэхэд зохион бүтээнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа нь дээрх баримтуудаас харагдлаа. Хэрвээ зургаадугаар үеийн онгоцны төсөл амжилттай хэрэгжвэл арав хүрэхгүй жилийн дотор дэлхийн улс орнуудад байлдааны нисэх онгоцны технологийн нэгэн шинэ үе ирэх нь ээ.

Source:https://www.facebook.com/zorigo.coldplay/
https://www.facebook.com/groups/1279645195419710/


God is a DJ
Attachments
86287648_3474076209332000_2719423144065499136_n.jpg
86287648_3474076209332000_2719423144065499136_n.jpg (41.08 KiB)

Return to “ЦЭРЭГ АРМИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”

cron